Мэдээлэл

Ука Төмөр Бусад

Мэдээлэл

мэдээлэл

Эерэг мэдээллийн ач холбогдол – www.UkaTumur.com

Өнөөдрийнхөө бичлэг дээр мэдээллийн тухай ярих хүсэлтэй байна. Хүмүүс ингэж хэлдэг, бид мэдээллийн эрин үед амьдарч байна. Мэдээлэлгүйгээр амьдрах боломжгүй. Орчин үетэйгээ хөл нийлүүлж алхахад мэдээлэл их чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Үүнтэй би санал нэг байна. Гэхдээ бидний авч байгаа мэдээлэл сөрөг бол мэдээллээс хол байх хэрэгтэй.

Жишээлбэл:

Tелвизийн мэдээ үзлээ гэж бодьё. Мэдээгээр янз бүрийн л мэдээ цацна, гэхдээ ихэвчлэн сөрөг мэдээ цацдаг. Би өнөөдөр энэ бичвэрийг оруулахын тулд өглөөний мэдээ үзээд, ямар мэдээлэл авч байгаагаа анзаарсан юм. Тэгэхэд эхний 15 минутний мэдээ тэр чигтээ сөрөг мэдээлэл байсан. Жишээ нь: Машины осол л гэхэд 3, буудалцаан 4, зодоон, хулгай гээд л олигтой юм ерөөсөө байгаагүй. Ийм мэдээ үзсэний дараа миний сэтгэл түгшүүртэй болсон. Миний тархи айдастай, санаа зовсон бодлуудаар дүүрсэн.

Хүний бодолд их олон зүйл нөлөөлдөг, түүний нэг нь мэдээлэл юм. Хүн гадны мэдээлэл хүлээж авснаар нэг бол сөрөг нэг бол эерэг мэдрэмжтэй болдог. Тиймээс хүн өдрийн турш ямар мэдээлэл хүлээж авна түүнийхээ дагуу бодож сэтгэнэ. Мэдээлэл гэдэгт телевизийн мэдээ, сонин сэтгүүл, цуу яриа, сошиал медиагаас авч буй мэдээ гээд л бүгд орно.

Хэрвээ таны авч байгаа мэдээлэл таныг амжилттай, аз жаргалтай, баян чинээлэг болгож сайхан амьдруулж байгаа бол мэдээж сайн хэрэг. Хэрвээ таны амьдрал эсрэгээр нэг л түгшсэн, айсан, зэвүүцсэн, уурласан, үзэн ядсан, дургүй хүрсэн, цөхөрсөн, хүчээ алдсан, аргаа ядсан гэх мэт байгаа бол хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол орж ирж байгаа мэдээллүүдээ шигших юм.

Яагаад сөрөг мэдээллүүд муу вэ гэвэл сөрөг мэдээ үзэж сонссоноор бодол сөрөг болно. Бодол сөрөг бол түүнийхээ дагуу итгэл сууна. Хүн ихэвчлэн итгэлийнхээ дагуу шийдвэр гаргаж үйл хийдэг учраас сөрөг мэдээлэл хүний амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг.

Хүний оюун ухаан орж ирж байгаа мэдээллүүдэд шууд автдаг.

Тиймээс та өнөөдөр юу үзэж, сонсож, уншиж байна вэ? түүн дээр анхаараад үзээрэй. Ингэж анхаарлаа төвлөрүүлснээр эдгээр мэдээллүүд таны бодол, сэтгэл санаа, амьдралд тань хэрхэн нөлөөлж байгааг та олж харах болно.

Оюун ухаанаа сөрөг мэдээлэлд автуулахгүй байх арга бол сөрөг мэдээллээс хол байх юм.

Хэрвээ та аль хэдийн сөрөг мэдээллүүдэд автчихаад байгаа бол мэдээж тархинд аль хэдийн ороод ирчихсэн мэдээллийг устгах боломжгүй болохоор өдөр болгон тархиндаа шинэ эерэг мэдээллүүдийг суулгаж, шинэ эерэг бодлоор өөрийгөө цэнэглэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол хуучин мэдээлэл, хуучин сөрөг бодолдоо автах аюултай.

Хүн сөрөг мэдээлэлд анхаарлаа их төвлөрүүлдэг. Сөрөг зүйл аюул авчирч болзошгүй байдаг тул аюулаас өөрийгөө хамгаалах үүднээс эерэг мэдээллээс илүү сөрөг мэдээлэл дээр анхаарлаа төвлөрүүлдэг гэж болно.  Жишээлбэл замын нөгөө талд машины осол гарсан тохиолдолд жолооч болгон гарсан ослыг харах гээд хурдаа хассанаар замд түгжрэл үүссэн байдаг. Хэрвээ замын нөгөө талд машины осол биш маш гоё цэцэгтэй ховор мод ургасан байх юм бол жолооч болгон түүнийг харахын тулд хурдаа хасахгүй л байх. Тийм учраас эерэг шинэ мэдээллүүдийг зориудаар өөртөө дуулгахгүй л юм бол сөрөг мэдээлэл дээр анхаарна.

За тэгэхээ Ука, хаанаас ийм шинэ эерэг мэдээллүүдийг олж авах вэ гэж бодож байгаа бол аз болоход ийм мэдээллүүд хаа сайгүй байдаг. Та яг одоо үүнийг уншснаар  та эерэг шинэ мэдээлэл авч байна гэсэн үг. Номын сангуудаар дүүрэн амжилтын тухай, аз жаргалын тухай өөрт хэрэгтэй олон сайхан ном бий. Интернэтээр дүүрэн хэрэгтэй эерэг мэдээллүүд байна. Эргэн тойронд маань зөндөө сайхан эерэг хүмүүс байна. Та дуртайгаа сонгох боломжтой.

Миний өнөөдрийн танаас асуух асуулт: Таны өдөр тутамдаа авч байгаа мэдээллүүд таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Эерэгээр нөлөөлж байна уу, сөргөөр нөлөөлж байна уу? Энэ тухай доор ярилцья сэтгэгдлээ үлдээгээрэй.

Soundcloud дээр сонсох

 

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

Хэрвээ та миний дараагийн бичлэгийг И-мэйлээр хүлээн авахыг хүсвэл доор нэр, И-мэйл хаягаа хийж бүртгүүлээрэй.

Сэтгэгдлүүд